Ги Де Мопассан-Хээр талд (өгүүллэг)

Сувиллын хотоос холгүй толгодын бэлд хоёр өчүүхэн байшин хаяа хаяагаа дэрлэн оршино. Гэрийн эзэд улаан цурав хүүхдүүдээ тэжээх гэж үржил шимтэй газар дээрээ борви бохисхийлгүй зүтгэнэ. Өрх бүр дөрөв дөрвөн хүүхэдтэй. Хоёр байшингийн үүдэн дээр үүрийн гэгээнээс үдшийн бүрийг хүртэл багачууд үймэлдэнэ. Хамгийн том хоёр нь зургаан настай, хоёр отгон нь ой гурван сар орчим хүрч буй. Эцэг, эхүүд нь бараг нэгэн зэрэг гэрлэцгээж хүүхдүүд нь ч хараа бараандаа төрсөн нь энэ ажээ.

Эзэгтэй нар энэ бужигнасан олон багачуудаас өөрсдийнхийгээ арай гэж танина. Эрчүүд бол бүр таг бөгөөд найман хүүхдийн найман нэр толгойд нь эргэлдэн холион бантан болж хэн нэгнийг нь дуудахын тулд өмнө нь ёс мэт гурван өөр нэр дуудах авай.

Сувиллын хот талаас эхнийх нь болох оромжинд Тювашынх суух агаад тэд гурван охин ганц хүүтэй. Нөгөөх оромжинд ганц охин, гурван хүүтэй Валленых аж төрнө.

Хоёр гэрийнхэн бүгд л шөл, төмс төдийхнөөр гол зогоох бөгөөд хөдөөгийн цэвэр агаар л дэм өгнө. Өглөө долоон цагт, үд дунд, эцэст нь орой зургаан цагт тус тус эзэгтэй нар малчин жаалуудаа бөөгнүүлж хооллоно. Хүүхдүүд эд болсноосоо хойш лав л тавь жаран жил тавигдаж бүр гялайчихсан модон ширээний ард насны эрэмбээр эгнэн суух ба хамгийн бага нь ширээний тавцанг дөнгөж хамраараа л шүргэнэ. Тэдний өмнө талх үйрүүлсэн төмсний зутан, тал .байцаа, гурван сонгино тавиастай байх бөгөөд балчир амьтас түүгээр бор ходоодоо болгоно. Хамгийн багыг эх өөрөө хооллодог байв.

Ням гаригт л шөлөндөө ганц хэрчим мах унагах ба энэ өдөр бүгд нэн баяртай байна. Эцэг нь ширээнийхээ ард удаан гэгч тухлан:

-Дандаа ингэж хооллодог бол ч! гэж дахин дахин хэлнэ.

Наймдугаар сарын нэгэн өдөр үдээс хойхно хоёр ядуу сууцны өмнө гоёмсог нь аргагүй сүйх тэрэг ирж зогслоо. Сүйхийг өөрөө жолоодож яваа залуу хатагтай хажуудаа суугаа ноёнд хэлэх нь:

-Анри, энэ жаалуудыг хараач! Шороотой холилдоод л ямар эгдүүтэй юм бэ?

Ноён гэргийнхээ ингэж шагширч магтаж байдагт нь дассан тул дуугарсангүй. Гэвч иймэрхүү үгс түүнийг нэлээд эмзэглүүлж, битүүхэн зэмлэл мэт санагддаг ажээ. Хатагтай үүгээр ч зогссонгүй:

-Би тэднийг үнсээдэхье! Тэр хамгийн өөдөсхөн жаалыг ээ! Би ийм хүүхэдтэй болоосой гээд сүйхээс үсрэн буув. Бүсгүй хүүхдүүд рүү очиж хоёр багын Тювашынхыг нь тэврэн өргөж халтартсан хацар, шороотой бужгар цайвар даахь, бишүүрхэн түлхэх можгор гарыг нь бүгдийг нь учиргүй үнсэж энхрийллээ.

Дараа нь хатагтай сүйхэндээ сууж давхиулан оджээ. Тэрбээр дараачийн долоо хоногт нь эргэж ирсэн ба өөрөө багачуудтай хамт газарт сууж нөгөө багыг өвөр дээрээ аван аманд нь бялуу хийж, бусдад нь чихэр түгээв. Хатагтай жаалуудтай эгээ л бяцхан охин мэт хөгжилдөн тоглож байх завсар нөхөр нь хээнцэр сүйхэндээ тэвчээртэй хүлээн сууж байлаа.

Хатагтай хожим нь бас ирж эцэг эхчүүдтэй нь танилцсан ба улмаар өдөрт халаас дүүрэн амттан, задгай мөнгөтэй ирдэг болжээ.

Түүний нэрийг хатагтай д"Юбьер гэх ажээ.

Нэгэн өдөр нөхөр нь эхнэртэйгээ хамт тэрэгнээсээ бууснаа хатагтай өөрийн бяцхан найзуудын дэргэд ч саатсангүй шууд Тювашын ядуу сууц руу явж орлоо.

Гэриин эзэд шөл буцалгах түлээгээ хагалж сууснаа зочдыг хараад балмагдан гайхаж суухыг уриад дэмий л юу хэлэхийг хүлээн байв. Тэгтэл ч залуу бүсгүй чичирч тасалдсан дуугаар эхэллээ.

-Сайн санаат хумүүс минь, би ... танай... танай бага хүүг авах гэсэн юм.

Тариачид хирдхийн цочиж, хэлэх үггүй тулгамдав.

Эмэгтэй амьсгаа аваад үргэлжлүүлэн хэлэх нь:

-Нөхөр бид хоёр хүүхэдгүй улс л даа. Бид хоёулхнаа, танай жаалыг авч өсгөе, та хоёр зөвшөөрөх үү?

Эх сая учрыг ойлгож эхэллээ.

-Манай Шарлог авья гэж үү? Үгүй ээ, яасан ч үгүй шүү.

Ноён д"Юбьер ярианд оролцов.

-Эхнэр маань бүрхэг ярьчихлаа. Бид танай жаалыг үрчилж авах гэсэн юм. Гэхдээ тэр та нар дээр ирж байнаа. Хэрэв хүү итгэл найдвар даах сайн хүн болж өсвөл манай өв залгамжлагч болно. Бид өөрсдөө үр хүүхэдтэй болсон тохиолдолд хүү тэдэнтэй л адил хувь хүртэнэ. Харин хүүхэд бидний хайр халамжийг даах амны хишиггүй аваас бид түүнийг насанд хүрэхэд нь 20000 франк тасалж өгнө. Уг 20000-ыг бид одоо даруй түүний нэр дээр нотариатын газар үлдээнэ; Та хоёрыг ч бодолцож насан туршид чинь сар бүр 100 франкын тэтгэлэг өгч байя гэсэн юм. Та бүхэнд ойлгомжгүй зүйл байна уу?

Уур нь шатсан тариачин эхнэр босон харайв.

-Та нар миний хөвүүнийг худалдаж авах гэж байна уу? Тэгэх байлгүй; Эх хүнээс ийм юм асуудаггүй юм. Үгүй ээ, үгүй, энэ чинь бузар явдал, мэдэв үү?

Өрхийн тэргүүлэгч үг дуугүй, буурь суурьтай нь аргагүй тунгаан суух авч эхнэртэйгээ санал нэгтэйн тэмдэг болгож толгойгоо дохих ажээ.

Мэгдэж самгардсан хатагтай д"Юбьер мэлмэрүүлж гарав. Тэрбээр эрхээрээ хатаж бүхнийг дийлж сурсан хүүхэд шиг эхэр татан уйлж нөхөртөө:

-Анри, эд нар чинь зөвшөөрөхгүй байна шүү дээ, зөвшөөрөхгүй байна шүү дээ гэж шулганалаа. Зочид сүүлчийн оролдлогоо хийв.

-Нөхөд минь дээ, хүүгийнхээ ирээдүйг бодооч, хүүгийнхээ аз жаргал, хүүгийнхээ... Цухалдсан эх үгийг тасалж:

-Бид бүхнийг бодсон, ойлгосон, шийдсэн, далд орцгоо! Дахин нүдэнд бүү үзэгд, чихэнд бүү сонсогд! хүний хүүхдийг ингэж авч болдог юм уу? гэж хашгичив.

Хатагтай д"Юбьер гарч явахдаа гэнэт хоёр ч бяцхан хүү байсныг санаж эрх танхи, дураараа эмэгтэйн зөрүүд зангаар эхэр татах мөртөө ийн асуув.

-Нөгөө жаал нь танайх биш үү? Эцэг Тюваш:

-Биш ээ. Хөршийн хүү. Та бүхэн болгоовол тэднийхээс асуугтун! гээд эргэж эхнэрийнх нь эгдүүцэж зэвүүцсэн дуу хадсаар байх гэртээ оров.

Валленыхан ширээндээ суучихсан, эр эм хоёр дундаа тавьсан тавагтай тосноосоо өчүүхнийг хутганы үзүүрээр өлгөн авч зүссэн талхан дээр нимгэн нь аргагүй түрхсэн болж, түүнийгээ удаанаар идэх ажээ.

Ноён д"Юбьер дээр өгүүлснээ энэ удаа илүү болгоомжтой, илүү зулгуй маягтай уран яруугаар давтав. Эр эм хоёр татгалзан толгой сэгсэрч байснаа сарын 100 франк өгөх сургаар хоорондоо харц солилцож, тээнэгэлзэж эхлэв. Гэвч тэд шийдчихэж чадахгүй удаан шаналсны эцэст эхнэр нь ам нээж;

-Эр минь чи юу хэлэхсэн бол? гэв. Нөхөр нь нухацтай дуугаар:

-Энэ ч бас боломжийн л зүйл байна гэж өгүүллээ. Чингэтэл л түгшин чичирч зогссон хатагтай д"Юбьер хүүгийн алс хэт, хожмын аз жаргал, өвлөж авах хөрөнгөөрөө төрсөн эцэг эхээ харж үзэх боломжтой болох тухай ярьж гарав. Эцэг асуух нь:

-Энэ жил тутмын тэтгэлгийн 1200 франкыг нотариатаар баталгаажуулах уу?

Ноён д"Юбьер: Тэгэлгүй дээ, бүр маргааш гэв. Эх бодлогошрон байснаа өгүүлэв.

-Сарын 100 франк маниуст бол юм болохгүй ээ. Хөвүүнийг та нар аваад явчихна. Гэтэл тэр чинь хэдхэн жилийн дараа л манийгаа тэжээж эхлэх байсан хүн шүү дээ. Бидэнд 120 франк хэрэгтэй... гэхэд хатагтай д"Юбьер тэвчээр алдан дэвхцэж даруй зөвшөөрөв. Хатагтай хүүг бушуухан л аваад явах гэж байж ядаж, нөхөр нь бичгээр баталгаа үйлдэх завсар 100 франкаар тариачдын гарыг цайлгаж амжлаа.

Тэр дороо тосгоны ахлагчийг бас хөршийхний хэн нэгнийг дуудуулсан ба тэд ч баримтыг дуртайяа гэрчилж өгчээ.

Тийнхүү залуу хатагтай чарлан байгаа жаалхүүг дэлгүүрээс удаан хорхойссон юмаа худалдаж аваад гарч яваа хүн шиг баяртайгаар авч одов.

Тювашынхан хаалган дээрээ зогсч тэдний явахыг үг дуугүй хүйтнээр харна. Магадгүй дотроо татгалзсандаа харамссан ч байсан байж болох юм.

Бяцхан Жан Валлен усанд хаясан чулуу шиг сураг тасрав. Эцэг эх нь сар болгон 120 франкаа авахаар нотариатад очно. Хөрш Тювашын нь эхнэр хүнээ алдсан адгийн шаарнууд л хүүхдээ худалддаг байх, ёстой бузар, жигшүүрт, завхарсан юм хийдэг улс гэж толгойтой бүхэнд зарлах тул хоёр айл хоорондоо муудалцжээ.

Эх Тюваш хааяа Шарлогоо шүүрэн авч цаадахь нь ойлгох юм шиг:

-Хөвүүн минь би чамайг эс худалдав. Би хүүхдээ худалддаггүй хүн. Би баян тарган хүн биш, тэгэхдээ үр хүүхдээ зарж идэхдээ тулаагүй гэж сайрхан хашгичдаг байв. Өдөр бүр Валленыханд дуулгах гэсэн энэхүү хорон үгс Тюваш Шарлогоо арилжаагүй юм чинь би ер нь ойр хавийн хэнээс ч илүү ухаантай эхнэр юм даа гэж бодсоор бодолдоо итгэж орхив.

Дээр нь түүний тухай ярьсан болгон:

-Бас ч хүн уруу татагдчихмаар л болзол байсан юм шүү. Гэхдээ тэр үнэхээр эх хүн шиг хандсан юм гэлцэнэ.

Ингэж эхээр нь байнга үлгэр жишээ авах ба мөн энэ үед 18 хүрэх дөхсөн Шарло ч дээрх яриаг өдөр бүр сонсож өссөний хувьд намайг зараагүй юм чинь би ч үеийн нөхдөөсөө хавьгүй илүү хүн гэж бодох ажээ.

Валленых тэтгэлэг авдгийн ачаар элбэг дэлбэг сууна. Их хүү нь цэрэгт явсан ба дундах нь нас баржээ.

Аанай л бахь байдгаараа арай ядан амь зуух Тювашынхны хөршөө адлах уур хилэн тайтгарсангүй. Шарло нь өрх гэрээ авч явах гол хүн болж хөгшин эцгийн хамт эх ба хоёр охин дүүгээ тэжээх гэж амсхийлгүй зүтгэнэ.

Шарлрг 21 настай байхад нэгэн өглөө хөёр айлын гадаа шил трль брлсон сүйх тэрэг ирж зогсов.  Сүйхээс гинжин оосортой алтан цаг зүүсэн залуу ноён бууж буурал үстэй эрхэмсэг хатагтайд гараа өгөн тусалж буулгалаа. Настай хатагтай:

-Ээ дээ, хүү минь энэ хоёр дахь байшин гэв. Залуу эр Валленых уруу өөриймсгөөр явж орлоо. Эмгэн нь хормогчоо угаах ба өтөлсөн өвгөн нь голомтынхоо дэргэд зүүрмэглэж сууна. Хоёр хөгшин нүдээ их болгон харах зуур залуу эр:

-Сайн байна уу ааваа, сайн байна уу ээжээ! гэж мэндлэв. Хөгшчүүд сэрдхийн өндийв. Эмгэн сандарсандаа савангаа ус уруу алдаж:

-Энэ чинь хөвүүн минь чи юу, чи мөн үү? гэж уулгалав. Залуу эмгэнийг тэвэрч үнсээд:

-Сайн байна уу ээжээ? гэж дахин хэллээ. Өвгөн ихэд догдлох авч хэзээ ч самгарддаггүй барилаа эс тавьж, хүүгээсээ сарын л өмнө салсан аятай

-Жан минь, хүрээд ирэх чинь энэ үү? гэжээ.Тэд бие биеэ мэдэлцсэний хойно хөгшид хүүгээ нутгийнхандаа үзүүлэхээр хөл хөөрцөг бөлж тогсоны ахлагч, түүний туслах, санваартан, багшийнхаар оруулав. Шарло довжоон дээрээсээ тэдний араас харж зогслоо. Тэрээр орой хоолон дээр эцэг эхдээ:

-Тэгэхэд Валленыхны хүүг авахуулчихдаг, та хоёр ч ёстой малнууд байжээ гэв.

-Би үр хүүхдээ зарахыг огт хүсээгүй юм шүү гэж эх зүтгэлээ. Эцэг дуугарсангүй. Хүү:

-Ингэж амьдралаараа тоглуулснаа. мэдэх гэдэг ямар их үйл лай вэ? гэхэд өвгөн:

-Чамайг худалдсангүй л гэж чи биднийг буруутгах гээд байна уу? хэмээн ууртайгаар бөвтнөв. Тэгэхэд Шарло бүдүүлэг нь аргагүй:

-Усан тэнэг та хоёрыг би үзэн ядаж байна. Та нар шиг эцэг эх, үр хүүхдэдээ гай л авчрах юм. Надад та хоёрын ачийг хариулах өр алга, явах минь! Хөгшин эх тавгандаа нулимсаа дуслуулан уйлж гарлаа. Тэр шөл халбагадан уух авч талыг нь цалгиулан:

-Ийм л юм дуулах гэж хуруу хумсаа баран байж хүүхэд өсгөө юм биз дээ хэмээн гингэнэв.

-Хүн болж төрчихөөд над шиг амьдарч явснаас огт төрөөгүй нь дээр юм. Би өнөөдөр Валлены хүүг хараад хамаг бодол минь эргэв. Би ийм хүн болох байсан байж шүү гэж 6одогдлоо. Шарло ийн эрс ширүүнээр хэлээд босов.

-Би энд байснаас байгаагүй нь дээр болж. Учир нь би та нарыг ямагт зэмлэж, зүхэж амьдралд чинь гай тарих болно. Ер нь та хоёрыг хэзээ ч өршөөхгүй гэдгийг мэдэж авцгаа! Доромжлуулж, нус нулимсандаа хутгалдсан хоёр хөгшинд хэлэх үг эс олдов.

-Надад энэ тухай бодох ч хүнд байна. Хаа нэг өөр газар очиж амьдралаа хөөх минь!

Шарло хаалга нээв. Валленыхан буцаж ирсэн хүүтэйгэй найрлаж буй чимээ дуулдав. Шарло хөлөө дэвсээд, эцэг эх рүүгээ эргэж:

-Дүүрсэн амьтад!  гэж хашгираад харанхуйд уусан алга боллоо.

 

Франц хэлнээс орчуулсан В.ӨЛЗИЙБАЯР

Сэтгэгдэлүүд:

1. alchemist (зочин) | 2009-10-05 17:02:18
hoorhon oguulleg bn
2. *САЙХАН САНАА* | 2009-10-06 09:48:13
ай даа.. хөөрхий эхийг яахан буруутгах билэ.э. хувь тавьлан зурсан зурагаараа шүү дээ..

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.