Рюноскэ Акутагава-Ид шидийн гайхамшиг (өгүүллэг)

Намрьн бороотой орой байлаа. Намайг хүргэж яваа хөлсний дугуйчин Омори дүүргийн онхол тонхол гүвээ толгодоор өгсөж уруудан гүйсээр хулсан төгөл дунд далд орсон европ маягийн жижиг байшингийн дэргэд хүрч зогсон арлаа буулгав.

Саарал будаг нь аль хэдийн холцорч хуучин уранхай даавуу шиг унжиж санжсан давчуухан орцод шинэхэн вааран хавтан дээр япон үсгээр: «Энэтхэг Масирам Мисра» гэсэн бичиг байхыг би уншив.

Одоо манайхны олон хүн Масирам Мисраг мэдэх болсон 6изээ. Мисракун бол Калькутта хотын хүн, Энэтхэгийн тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэж явсан халуун эх оронч билээ. Үүний сацуу алдарт бярман Хассанханаар заалган ид шидийн эрдэмд нэвтэрсэн хүн юм.

Миний нэг найз сарын өмнө намайг Мисракунтай танилцуулсан юм. Бид улс төрийн асуудлаар их маргалддаг боловч ид шидийн гайхамшигт туршилтаа хийж байхыг нь нэг ч үзээгүй яваа. Тййм болохоор өнөө орой ид шидийн гайхамшгаа үзүүлнэ үү гэж хүссэн захиа урьдчилан явуулаад хөлсний дугуйчин авч, Мисракуний суудаг Омори дүүргийи уйтгарт газар ирсэн нь энэ. Би усан бороон дор зогсон дэнлүүгийн бүдэг гэрэлд гэрийн эзний нэртэй хавтангийн дороос хонхны товчлуурыг олж дарсанд даруй онгойлгож өгөв.

-  Сайн байна уу! Та ийм бороотойд ирж байдаг их эелдэг найртай хүн юмаа! хэмээн бор царайтай, том нүдтэй, зөөлөн соёо сахалтай Мисракун надтай найрсаг мэндлээд ширээн дээр байгаа керосин дэнгийн голыг өргөв.

-  Таны эрдмийн ид шидийг үзэхийн тулд тэнгэр ямар байхад ирсэн ч яахав дээ. Бороо юу нь саад болох вэ! гэж би хэлээд сандал дээр сууж, керосин дэнгийн гэрэлд бүдэгхэн гэрэлтсэн бүрэнхий тасалгааг тойруулан харав. Европ маягийн ядуувтар тавилгатай аж. Тасалгааны гол дунд том ширээ, ханын дэргэд номын сайхан шүүгээ, цонхны дэргэд жижиг ширээ... Бид хоёрын сүуж буй хоёр сандал. Өөр илүү дутуу юм байхгүй. Ширээ, сандал нь хуучирч холцорчээ. Захаар нь улаан цэцэг хатгамалласан гоё сайхан бүтээлэг нь ч гэсэн элэгдэж зулгараад зарим газраараа суурь нь ил гарсан байв.

Бид хоёр амар мэндээ мэдэлцээд хулсан төгөлд бороо шаагихыг чагнан суув. Удалгүй. зарц эмгэн ирж, бидэнд нэг нэг аяга ногоон цай барив.

Мисракун навчин янжуур асааж аваад зальтайхан инээмсэглэж сайхан үнэртэй тамхины утааг үлээж

- Олон зуун жилийн тэртээ, ухаан нь «мянга нэгэн шөнийн үлгэрийн» үед жийн байдаг гэж итгэдэг байж. Хассанханаас миний сурсан ид шид бол илбэ жилбэ биш. Хийе гэвэл та ч гэсэн хийж чадна. Энэ бол шияжлэх ухааны сүүлийн үеийн ололтыг ашигласан ховс төдий юм. Та харж бай! Гараа хөдөлгөөд ингэхтэй зэрэг... гээд гараа дээш өргөж, миний нүдний өмнүүр хий агаарт хоёр гурван удаа гурвалжин шиг юм зураад гараа ширээнд ойртуулж, бүтээлэг дээр хатгамалласан улаан цэцгийг тастаж авлаа. Би мэл гайхан өөрийн эрхгүй сандлаа урагш дөхүүлж, цэцгийг нь анхааралтай харав. Ямарч эргэлзээ алга саяхан хээний хэсэг байсан цэцэг мөн байна. Мисракун тэр цэцгийг миний хамарт ойртуулахад заарын үнэртэй ойролцоо сайхан үнэр анхилав. Би бүр гайхаж хоцроод өөрийн эрхгуй дуу алдлаа. Мисракун инээмсэглэсэя чигтээ цэцгийг ширээн дээр санамсаргүй унагах шиг болов. Цэцэг бүтээлэгт хүрэв үү, үгүй юу тэр дорхноо дахиад хээний хэсэг болж нийллээ. Энэ цэцгийг тастан авч болно гэж үү Одоо ядахдаа нэг дэлбээг нь хөдөлгөж болно гэж үү.

-  За юу гэмээр байна? Хүн үнэмшмээргүй байгаа биз, аа? Одоө энэ дэнг харж бай. Мисракун ингэж хэлээд ширээн дээр байгаа керооин дэнг аяархан хөдөлгөлөө. Тэрхэн агшинд яагаад тэгснийг бүү мэд, дэн гэнэт удган ээрүүл шиг эргэлдэж, тэгэхдээ дэнгийн шил нь эргэх тэнхлэг болж байв. Анх би одоо юу юугүй түймэр гарах байх гэж айхдаа дотор пал хийгээд явчихсан. Тэр завсар Мисракун огт ажиггүй янзтай цайгаа ууж суулаа. Миний айдас бага багаар намдаж, дэнгийн улам улам түргэн эрчлэн эргэлдэхийг нүд салгалгүй щиртэв.

Энэ үнэхээд хараад байгууштай сонин сайхан үзэгдэл юмаа! Ингэж эрчлэн эргэлдэхэд дэнгийн бүрхүүл салхи үүсгэж байхад дөл нь ядахдаа нэг ч удаа анивчсангүй шүү! Дэн сүүлдээ бүр хурдан эргэлдсээр байрандаа зогсож байгаа юм шиг болов. Нэгэн агшны дараа дэн түрүүчийнх шигээ ширээн дэар хөдлөхгүй болсныг ойлголоо. Дэнгийн шил ядахдаа хэлтийгээгүй байв. Мисракун цааш эргэж, номын шүүгээг харснаа тийш гараа сунган хун дуудаж байгаа аятай хуруугаа годгонуулав. Номын шүүгээнд ярайтал өрөөстэй байсан ном гэнэт хөдөлж, ширээн дээр нисэн ирж эхлэв. Ном нисэж явахдаа хавтсаа дэлгээд зуны оройн сарьсан багваахай шиг агаарт ядаж цөхөхгүй элин халих аж. Би гайхаж навчин янжуур зуусан чигтээ хөшиж орхив.

Олон ном дэнгийн бүдэг гэрэлд чөлөөтэй эргэлдэж байснаа ширээн дээр хойно хойноосоо бууж ирсээр нэгэн бүхэл суврага мэт болов. Тэгснээ. түрүүчийнх шигээ нарийн дэс дараатай нисэн шүүгээндээ буцаж орлоо. Хамгийн сонирхолтой нь нимгэн цаасан хавтастай нэг ном жигүүрээ дэлгэсэн шувуу мэт дэлгэгдээд адарт тултал хөөрч, ширээн дээгүүр эргэлдэж байснаа гэнэт хуудас нь шар шур хийн миний өвөр дээр буув. «Ямар учиртай юм бол?» гэж бодоод хавтсыг харвал долоо хоногийн өмнө Мисракунд уншуулахаар өгсөн шинэ франц роман байлаа.

- Номыг тань эгүүлэн өгч, баярласнаа илэрхийлье гэж Мисракун инээмсэглэсэн чигтээ найрсгаар өгүүлэв. 

Бүх ном хэдийн шүүгээнд хуучин байрандаа нисэн очжээ. Би унтсанаас сая сэрсэн мэт болж, хэсэг зуур үг дуугарч чадсангүй. Тэгтэл: «Хийе гэвэл та ч хийж чадна» гэж сая Мисракуний хэлснийг гэнэт санав.

-  Таны тухай гайхалтай сонин юм их дуулсан. Сая нүдээр үзсэн маань чихээр дуулснаас хол давлаа. Та сая намайг ч гэсэн энэ эрдмийг сурч чадна гэж хэлсэн. Та тоглосон юм байгаа биз дээ?                                          .....

-  Үгүй шүү, үнэн хэлсэн. Ид шидийг хэн ч зовлонгүй сурч чадна. Харин... гээд Мисракун гэнэт дуугаа төв болгож,

-  Харин хомхой сэтгэлтэй хүн сурахгүй! Та нээрээ Хассанханы эрдмийг сурья гэж байгаа бол эхлээд өөрийн хомхой сэтгэлийг дарах хэрэгтэй. Та тэгж чадна биз? гэхэд нь

-  Чадна гэж найдаж байна гэж бра хариулснаа сэтгэлийн угт баахан итгэл муутай байгаагаа мэдэрч,

-  Та өөрөө миний багш болохыг зөвшөөрвөл тэр шүү! гэж яаран нэмж хэлэв.

-  За яах вэ, танд зааж өгье. Ядах юмгүй амархан эрдэм. Гэхдээ дорхноо сурахгүй, жаахан цаг хугацаа хэрэгтэй. Өнөө шөнө манайд хоноод яв гэхэд нь,

-  Ай танд хязгааргүй их баярлаж байна! гэв

Би ид шидийн эрдмийг сурна гэж бодохоос хөл алдан баярлаж, баярлаж гялайснаа илэрхийлэв. Мисракун миний үгийг огт сонсоогүй юм шиг, суудлаасаа тайван босож:

-  Эмээ! Эмээ! Энэ зочин өнөө шөнө манайд хононо. Ор засаж өгнө үү гэлээ.

Миний зүрх булгилав. Тамхиныхаа үнсийг сэгсэрч унагахаа мартаж орхиод өөрийн эрхгүй нүдээ өргөж, Мисракуний нүд, дэнгийн гэрэлд туяарсан түүний эелдэг царайг ширтлээ.

Би Мисракунээр ид шидийн эрдэм заалгаж эхэлснээс хойш нэг сар өнгөрөв. Яг эхний оройнх шиг тийм нэг бороотой үдэш би Гияза гудамжны нэгэн клубын өрөөний гал өрдсөн задгай зуухны дэргэд хэдэн сайн нөхөдтэйгээ ярилцаж суулаа. Тэр бол ямарч атугай Токиогийн төв газар болохөөр тоо томшгүй олон машин тэрэгний дээрээс цутгах борооны чимээ Оморийн хулсан шугуйд дуулдаж байсантай адил тийм ч их уйтгартай биш шиг санагдана. Бас клубт хөгжилтэй сайхан байв. Цахилгаан гэрэл хурц гийгүүлж, савхин бүрээстэй том том зөөлөн сандал ярайн зүймэл модон шал нь толийгоод Омори дахь Мисракуний одоо юу юугүй хий сүг гараад ирэх болов уу гэмээр бүрэнхий өрөөтэй огт адилгүй.

Бид тамхины утаан үүлэн дунд хурдан, морь, ан гөрөөний тухай хөөрөлдөж суулаа. Нэг найз маань ороомол навчин янжуурын ишийг задгай гал руу хайхрамжгүй шидчихээд над өөд эргэж,                                       1

-  Таныг сүүлийн үед ид шидийн дасгал сургууль хийх болсон гэж дуулсан. Бидэнд нэг юм үзүүлэхгүй юу? гэхэд нь

-  Яах вэ, болох юм гэж би хариулаад сандлын түшлэг налан гэдийж, аугаа их ид шидтэн болсон мэт их маадгар байлаа.

-  Юу ч яах вэ, өөрийнхөө дураар нэг юм үзүүлнэ үү. Жирийн илбэчний чадахгүй гайхамшигтай зүйл байвал зүгээрсэн гэв. Бүгдээр түүний. саналыг дэмжиж, намайг одоо эхлэнэ үү гэж урих мэт сандлаа дөхүүлж суув. Би суудлаасаа алгуурхан босож:

-  Сайи харж байгаарай. Ид щидийн эрдэмд ямарч заль мэх байдаггүй юм шүү! гэж хэлээд цамцныхаа ханцуйг шамалж, задгай зуухнаас хэдэн ув улаан цог алган дээрээ тайван хамж тавив. Үзэгчид маань иймхэн шальгүй юмнаас үхтлээ айж, түлэгдэх вий гэсэн шиг өөрийн эрхгүй гэдрэг ухарцгаалаа',

Би ажиггүй тайван байж, хэсэг зуур алган дээр улаан цогоос дөл бадарч байгааг харуулаад шалан дээр тарааж хаялаа. Гэнэт гадна шаагих борооны чимээг даран модон шалыг том том хүнд дусал бөмбөрдөж эхэллээ,... Дөл бадарсан цог миний гар дээрээс нисэж унахдаа тоо томшгүй олон алтан зоос болон хувирч, шал дээр алтан бороо асгарав. Найз нар маань сайхан зүүд үзсэн юм шиг мэл гайхан хоцроод алга ташихаа ч мартжээ.

- За энэ ч шальгүй юм! гэж би дийлж гарсан, хүний ёсоор инээмсэглэн өгүүлээд зөөлөн сандалдаа суув. Хэдэн минутын дараа гайхан мэлэрсэн найз нарын маань нэг нь:

-  Хүүе ээ, энэ чинь жинхэнэ алтан зоос мөн юм уу? гэж асуув.

-  ёстой алтан зоос. Үнэмшихгүй байвал бариад узээч.

-  За больё доо! Гараа түлчихнэ! Гэсэн ч нэг нь айхыг тэвчин шалан дээрээс нэг алтан зоос авч үзээд, дуу алдаж:

-  Нээрээ цэвэр алт байна. Хуурамч биш юм! Хүүе зөөгч өө шүүр, хутгуур авч ирээд шалан дээр байгаа бүх зоосыг цуглуулж ав гэлээ.

Хөол зөөгч тушаалыг даган алтан зоосыг хутгуурт цуглуулж аваад ширээн дээр асган овоолов. Миний найз нар тойрон шавж

-  Пөөх, энд дор хаяад хоёр буман иен лав байна!

- Үгүй, түүнээс илүү байна. Бөх ширээ таарсан нь яамай, үгүй бол даахгүй эвдрэх байсан.

-  Та гайхамшигтай сайхан илбэ сурчээ, хэлэх үг алга. Модны цогийг нүд ирмэхийн зуур алтан зоос болгоно гэдэг чинь мөн сайхнаа! Ийм янзаар бол ганц долоо хоногийн дотор Ивасаки юмуу Мицуитэй эн зэрэгцэх хэлгүй баян болох юм байна!

Ийнхүү тэд маань ам булаалдан миний эрдмийг гайхан бахдаж, би сандлын түшлэг налан тамхн баагиулж суулаа.

-  Өө хаанаас. Ид шидийн эрдмийг өчүүхэн хомхой сэтгэлдээ ганц удаа л ашиглах юм бол хоёрдахь удаагаа бүтэхгүй болно. Ухаан нь энэ алтан зоос байна... та нар үзэж ханасан бол би одоо буцаагаад гадд хийе гэв. Миний энэ үгийг дуулаад найз нар маань үгсэн хуйвалдсан юм шиг эсэргүүцэн хорив.

-  Ийм их баялгийг буцаагаад нүүрс болгох гэж үү? Тийм муухай тэнэг юм байж болохгүй! "гэцгээв.

Би Мисракунд ам алдсан ёсоор алтан зоосыг заавал галд буцааж хийнэ гэж зүтгэв. Гэтэл миний найз нарын дотроос хамгийн зальтай нь гэгдэх нэгэн ёжтойхон инээмсэглэн:

- Та энэ алтан зоосыг дахиад нүүрс болгох гэж байна. Бид бол тэгэхийг хүсэхгүй. Бид энэ янзаараа хэзээ ч маргалдаж дуусахгүй. Би нэг юм бодож оллоо. Та бидэнтэй хамт хөзөр тогло энэ алтан зоосоо мөрийд тавина биз. Хожвол танд үлдэнэ. Тэгэөд та үүнийгээ дахин нүүрс болгодогсон уу дураараа бол. Хэрэв бид хожих юм бол бүх алтан зоосыг бидэнд өг. Ингэвэл хэн хэнд маань гомдолгүй болно! гэв. Би толгой сэгсрэв.

- Та энэ алтан зоосоо бидэнд өгөхгүй гэсэндээ хөзөр тоглохыг татгалзаж байх шив. Тэгсэн мөртлөө ид шидийг бүтээхийн тулд хомхой сэтгэлээ дарсан гээд байгаа юм шүу! Таны тэр ариун журамт сэтгэл гэдэг чинь одоо тун эргэлзээтэй санагдаж байна. Тийм үү гэв.

- Энэ алтан зоосыг та нараас харамласандаа нуүрс болгох гэж байгаа юм биш шүү, миний угийг үнэмшээрэй...

Бид өөр өөрийн учир шалтгааныг давтан өгүүлсээр эцсийн бүлэгт намайг алтан зоосоо мөрийд тавихыг зөвшөөрөхөөс өөр замгүй болгов. Тэд баярласан нь мэдээж. Би ер нь хөзөрт азгүй. Тэр орой юу болсон юм үгээр хэлж баршгүй азтай байлаа. Би аажмаар тоглоомд автаж улайв. Арван минут ч болоогүй байхад энэ дэлхийн юм бухнийг мартаж орхиод тоглоомын хорхой хөдөлж эхэллээ. Найз нар маань алдаж хожигдох нь ихсэх тутам царай нь хувхай даагаад миний эсрэг шийдсэн мэхээ хийцгээж байлаа. Яаж мэрийгээд ч юм болоогүй! Би нэг ч удаа алдсангүй! Харин ч анх надад хэдий хэрийн алт байсан бол бараг түүнийхээ дайтайг хожлоо. Яг тэр үед намайг мөрийтэй толгоё гэж өдөөж уруу татсан нөгөө санаа муут найз маань солиорсон юм шиг гар нь салгалан миний өмнө хөзөр холиод:

- За энэ. Хөзөр тат! Би өөрийн газар, орон байшин, морь мал машин, байгаа бүх хөрөнгөө тавья! Та өөрийн бүх алтан зоосон дээр хожсоноо бүгдийг нь тавь. Хөзөр татаач! гэлээ.

Тэрхэн агшинд миний шунал бадарлаа. Хэрэв одоо гай болж би хожигдвол өмнөө озоолготой байгаа алтан зоосон дээр хожсон юмаа бүгдийг нэмж өгөх болж байна уу? Хэрэв хожих юм бол найзынхаа хамаг эд баялгинг нэгмөсөн гартаа оруулж авна! Үнэндээ гэхэд ийм үеД хэрэглэхгүй юм бол ид шидийн эрдмийг сурсаны хэрэг юу билээ! Ингээд би биеэ барьж чадахыг больж, ид шидийн увдисыг нууцаар хэрэглэн сая л санаа шулуудаж: байгаа мэт байдал үзүүлж:

-  За яах вэ, тэгье! Эхлээд та хөзөр тат гэв.                           

-  Ес байна

- Ноён! гэж баясан дуу алдаад царай нь үхсэн хүнийх шиг зэвхяй даасан нөхөртөө хөзрөө үзүүлэв.

Яг энэхэн торгон агшинд, мөн гайхамшигтайяа! хөзрийн ноён амилах шиг болж, титэм асаасан тэргүүнээ өргөж, хөзрийн цааснаас бүслэхүйгээ хүртэл сугаран гарч ирээд илдээ ёслолын байдалтай барьж, цаана л нэг эгдүүтэй инээвхийлэв.

-  Эмээ! эмээ! Зочин маань гэртээ харих гэнээ. Ор зассаны хэрэггүй гэх сайн танил дуу дуулдлаа. Тэр даруй яагаадыг мэдэхгүй, цонхны цаана Оморийн хулсан шугуйнхтай адил ус ихтэй борооны том том дусал шаагин буух уйтгартай чимээ дуулдав.

Би гэнэт сэхээ авч, эргэн тойрон харваас түрүүчийнх шигээ Мисракуний өөдөөс хараад сууж байх агаад Мисракун керосин дэнгийн бүдэгхэн гэрэлд сайхь хөзрийн ноёнтой адил инээмсэглэн байв.

Миний хурууныхаа завсар хавчуулсан навчин янжуурын үнс унаж амжаагүй байлаа. Надад бүтэн сар өнгөрсөн мэт санагдсан атал жинхэнэ хэрэг дээрээ би зүүдэлж энэ зүүд маань ердөө хоёр минут хэр үргэлжилжээ. Энэ богино хугацаанд Хассанханы ид шидийн нууцыг итгэмжлэн таниулж болох хүн биш юм гэдгийг хэн хэн маань тодорхой ойлгов. Би ичиж зовсондоо толгойгоо унжуулаад нэг ч уг дуугарсангүй.

- Надаар ид шидийн эрдмийг заалгаж сурахын өмнө өөрийн хомхой сэтгэлийг дарах хэрэгтэй юм даа. Тэгэхэд та иймхэн жижиг юман дээр хорхойгоо дарж чадсангүй гэж Мисракун харамссан янзтай намайг зөөлнөөр зэмлэн өгүүлээд захаараа улаан цэцгэн хээтэй бүтээлгээр бүтээсэн ширээг тохойлдов.

Орос хэлнээс П. ЧОЙЖИЛ орчуулав

 

Сэтгэгдэлүүд:

1. alchemist (зочин) | 2009-10-05 19:03:04
suuliin heden oguulleguudiig unshlaa, mash hoorhon oguulleguud bn
2. *САЙХАН САНАА* | 2009-10-06 09:40:18
нээх сайхан.. тайван сууж уншихсан ажил дээр.. шимтэж уншиж болохгүй хог юм аа. гэрт нэтгүй энэ чэн одоо .. хэхэхэ
3. freestyle529 | 2009-10-06 09:51:47
хмммм сонирхолтой. таалагдлаа.
4. chimgeeitgel | 2009-10-07 20:47:49
ийм алдартай зохилчийн сайхан өгүүллэгийг нийтэлж өгсөнд чин сэтгэлээсээ талархсанаа илэрхийлье.
амтархан уншлаа. илбэ сурчихаж гэж баярлаж ч үзэв хэхэ.
5. Nyamka | 2009-10-09 12:41:02
хмм.. янзтай шүү сайхан өгүүллэг болжээ. Тэр зураг дээрх кино нэг бүтнээр үзхиймсэн ойрдоо илбийн нууц хараад ангаагаал байгааг хэлэх үү
6. chimgee (зочин) | 2009-10-13 12:11:54
sain baina uu? saihan oguulel niitelj olon hunii bulgiin melmiig nej baigaad chin talarhaad tsaashdiin uran buteeld chin ulam ih amjilt erooe

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.