
Дэлхий даяар алдартай "Үхлийн аялал" тэмцээн эхэллээ. 100 залуу гараанаас хөдөллөө. Тэд зогсох амрах эрхгүй, тэгвэл цувааг дагалдан яваа цэргүүд буудаад алчихна. Энэ залуусын зөвхөн ганц нь ялах ёстой. Үлдсэн 99 нь тэмцээний замд амь алдана. Хүн амьдрахын тулд зогсохгүй, суухгүй, хэвтэхгүй хэр хол явж чадах вэ? 100 километр үү? 200... 300 юу? Хэн энэ залуусаас ганцаар амьд үлдэх вэ? Үхлийн аялалд үхэхгүйн тулд хөлийн улны яс цухуйж, шөрмөс тасарч, цус асгарч байсан ч тэд явсаар, явж чадахгүй нь мөлхсөөр...
Тэргүүн дэвтэр
1-р бүлэг
Өглөө эрт цэргийн хамгаалалттай авто зогсоол дээр тун удаан гүйж, эцэж ядарсан бяцхан нохойтой адил харагдах хуучин цэнхэр "форд" ирж зогслоо. Хамгаалалтын албаны цэрэг, уйдаж гүйцсэн залуу эр ирсэн хүмүүсээс биеийн байцаалт шаардав. Арын суудлаас залуу хүү цэнхэр хуванцар карт гарган эхдээ дамжуулахад тэр байцаалтыг цэрэгт өглөө. Харуул хөдөөгийн эль хуль газар байраа олоогүй мэт хачин этгээд харагдах компьютерт картыг хийхэд хормын дараа дэлгэцэн дээр ирсэн залуугийн биеийн байцаалтын бичгүүд тодров.
Гаррати Реймонд Дэйвис
Шоссэ 1. Паунал хот. Мэн муж.
Андроскоггин тойрог.
Үнэмлэх № 49 801 89
Хамгаалагч товчлуурыг дарахад дэлгэц дахин өнгөгүйхоосон боллоо. Тэр машинаа зогсоолд аваачиж тавь хэмээн дохив.
-Тэд нар үнэмлэхийг чинь буцааж өгөхгүй юм уу? -гэж хатагтай Гаррати асуулаа.
-Тэд нар чинь...
-Үгүй, тэд үнэмлэхийг хурааж авдаг юм, -гэж Гаррати тэвчээртэй нь аргагүй тайлбарлав.
-Энэ чинь надад ерөөсөө таалагдахгүй байна. Ерөөсөө... -гэж хатагтай Гаррати машинаа хоосон зайд тавингаа үглэв. Тэр хүүтэйгээ замд гарсан шөнийн 2 цагаас эхлэн яг ингэж үглэсээр яваа юм. Үглэх ч гэж, уйлах нь холгүй юм болж байлаа.
-Тайван бай л даа, ээж, гэж Гаррати сөөнгөтөн хэлэв. Тэр эргэн тойрноо харж, биеэ барьж, тайвшрах ёстой, бас хүлээх гэдэг чинь үргэлж айдас хүйтсээр дүүрэн байдаг. Ээж нь машинаа унтрааж амжаагүй байхад тэр ухасхийн гарлаа. Өндөр, туранхай, булчинлаг Гаррати наранд гандсан эрээн цэрэг хүрэм, жинс, аяны гутал өмсчээ.
Хавар. Өглөөний хүйтэн агаар. Найман цаг.
Ээж нь бас өндөр, гэхдээ маш туранхай. Тэр айж, сандарч бас бухимджээ. Царай нь хүнд өвчин туссан мэт харагдана. Ган төмөр шиг өнгөтэй үс нь эмх замбараагүй сэгсийжээ. Тэр дөнгөж саяхан гэнэт турчихсан мэт хувцас нь хэлхийн унжина...
Татаж авах: Стивен Кинг-Үхлийн аялал (тууж)



Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: